Хорин Долоон Мянган Тэмүүллийн Суулгац, 243-р хэсэг

Агуулгын жагсаалт руу буцах

24201

Огооролт зүрхэнд л
Бурханы Хүсэл
Дуулж бас бүжиглэдэг.

24202

Зүрхний минь мөрөөдөл
Тэнгэрлэг мишээлээр дүүрэн.

24203

Залбирал бүхий,
Чин зүрхний нулимсаараа
Талархалт зүрхнийхээ замыг би засна.

24204

Бурханд дуулгаваргүй байдал
Сэтгэл зүрхний амьдралыг
Баялаг үгүй болгодог.

24205

Өршөөлийг төмөр Хуулиа болгосноо
Бурхан бидэнд
Байн байн батлан харууллаа.

24206

Сэтгэл зүрхний ертөнцөд
Бурханы сонгосон цагт
Бүх зүйлийг оролдож үзэх хэрэгтэй,
Бурханы сонгосон цагт
Бүх зүйл амжилттай бүтэх ёстой.

24207

Миний сэтгэл сүнс өдөр бүр
Зүрхнийхээ хурдны зам дээр эргүүл хийдэг.
Тиймээс би аваар ослыг олж үл харна.

24208

Ай ухаан минь,
Яагаад чи
Хардлага сэрдлэгийн хот руу
Тэгж олон зочилно вэ?

24209

Дотоод бодит үнэн рүү бид
Чөлөөтэй нэвтрэх болсон цагт
Сөрөг зүйл бүр чухамдаа
Эерэг зүйл байхыг ухаарна.

24210

Дээрээс онцгой Энэрэл буусан учир
Эцсийн эцэст
Утга учиргүй их ажиллах ухаанаа
Орхин намайг одохыг албадаж би чадлаа.

24211

Харамсалтай нь хүн болгон
Өөрийн дээдийн дээд,
Хамгийн доод хоёрын хооронд
Хаа нэгтээ амьдардаг.

24212

Хамгийн өндөр оргилоос
Ёроолгүй ангал руу унахгүйн тулд
Өглөө бүр би залбирал бүхий,
Чин зүрхнээсээ бясалгадаг.

24213

Эцсийн эцэст
Даажигналын золиос болохгүй
Нэг ч амиа бодогч үгүй.

24214

Зүрх маань үлэмж их
Оршоомжтой болоход
Бурхан амьдралыг минь
Хичнээн бахдалтай,
Тэнгэрт тултал магтахыг бид харна.

24215

Чин зүрхний инээмсэглэл гэж юу вэ?
Энэ бол Бурханы шавхагдашгүй Хүч.

24216

Бурханы Энэрэлд
Бүрэн итгэх итгэлээ хөгжүүлснээр би
Амьдралын ов мэхийн хаан болсон
Эргэлзлийг
Адаг сүүлд нь авч хаясан юм.

24217

Дотоод гүнээ умбахад Бурхан биднийг
Сүнснийхээ наран гэрэлтсэн мэлмийд
Саадгүй хүрэх боломжоор адисладаг.

24218

Дэлхий эхийн зүрхний анхилга шиг
Тийм бурханлаг, дээдийн дээд,
Төгөлдөр зүйл гэж байх боломжгүй.

24219

Хүслийн ертөнцөд бид
Хорвоод хүлэгдсэн
Зугаа цэнгэлээр хөгжилдөн жаргадаг.
Тэмүүллийн ертөнцөд бид
Диваажинд чөлөөтэй
Баяр жаргалын балаар баясан жаргадаг.

24220

Үнэний жинхэнэ эрэлчин угаасаа
Дипломтой, мэргэшсэн Бурханыг хайрлагч.

24221

Дуусашгүй огоорол минь бол
Эзэний минь Баяр баяслын
Давхарт хүрэх урсдаг шат юм.

24222

Онгодын баяр хөөрийн голд
Умбахийг хүсвэл
Ухааныхаа ширэнгэн ойд бус
Зүрхнийхээ цэцэрлэгт цэнгэн тогло.

24223

Тамирын бузар,
Ухааны атаархал,
Зүрхний айдас бол
Бидний дотор буй
Гурван мөнхийн мунхаг.

24224

Гадаад үнэмшил
Чухамдаа
Дотоод итгэлийн
Болхи орлогч.

24225

Амьдралаа би
Эзэнийхээ Амьсгалаар хийсэх
Навч болгохыг
Хичнээн их хүснэм.

24226

Бурхан биднээс ялгаатай нь
Бүтээлээ төгөлдөр хэмээн боддог.
Гэхдээ Тэрээр бүтээлээ
Улам бүр төгөлдөржүүлэхийг хүсдэг.

24227

Үргэлжид хойш суух ухаанд минь
Бурхан бүхнээс илүү дургүй.

24228

Бурханд дуулгавартай байхад
Үргэлж бид бэлэн бол
Онгодын баяр хөөрийн оргилд
Амархан авирч чадна.

24229

Баясгалант дуулгавар минь
Эзэн Дээдгэгээнээ
Алдахгүй урамшуулдаг.

24230

Өдөр бүр
Тэмүүлэлт зүрх минь
Эзэний минь төгс Хүсэлийн
Өлмийд хургаж үлддэг.

24231

Хорвоогийн хувьсал
Огт дуусаагүй байна.
Тиймээс бид
Урам хугаран унаад хэрэггүй.

24232

Миний тэмүүллийн амьдрал
Бурханыг баярлуулдаг.
Миний хүслийн амьдрал
Бурханыг зугаацуулдаг.

24233

Бурхан хүмүүнийг нигүүлсэнгүй
Удирдан дагуулахыг оролддог.
Хүмүүн Бурханыг овжноор
Төөрөлдүүлэхийг оролддог.

24234

Тэмүүллийн ертөнцөд минь
Шалтаг тоочих ухаан
Эцсийн дүгнэлтийг
Хэзээ ч хийх ёсгүй.

24235

Өдөр бүр Бурхан бидэнд
Итгэлийн соронзон орчинд
Амьдрах чадварыг өгөөд зогсохгүй
Боломжийг бас олгодог.

24236

Миний хийж байсан
Бүхий л сонголтоос
Огооролт зүрх минь
Хамгийн шилдэг нь юм.

24237

Өөртөө эргэлзэх эргэлзлийг
Эрс бид эсэргүүцдэг бол
Амьдралын тэмцлийн талбарт
Амжилтанд хүрэх нь дамжиггүй.

24238

Өөрийн ухаанд
Өчүүхэн төдий ханамж буйг
Бурханд би харуулахад
Тэр надаар үнэхээр бахархдаг.

24239

Би маш хатуу шийдэмгий чанарын
Эзэн болох цагт
Бурхан зүрхийг маань
Ханамжийн гэрчилгээгээр адислана.

24240

Эргэлзлийн ээдрээн дунд
Ухаан минь амьдрахаа больжээ.
Ямар учраас?
Учир нь амьдрал минь
Бурханы тэнгэрлэг Мөрөөдөлийн
Тунхаглал болсон юм.

24241

Миний зүрхний гэр
Тааламжит мөрөөдлөөр дүүрэн.
Миний ухааны гэр
Гашуун үнэнээр дүүрэн.

24242

Аяа зүрхний минь найдварын багана
Зовлон зүдгүүрийн хорвоог
Түшихийн тулд чи надад хэрэгтэй.

24243

Харамсалтай нь,
Ухааныхаа машины тачигнах чимээг
Яаж зогсоохоо би мэдэхгүй байна.

24244

Бүхий л оршнолоо
Хайрт Эзэн Дээдгэгээнийхээ
Энэрэлийн зүг чиглүүлэхгүй юм бол
Амьдралын тулалдааны талбарт
Амжилтанд хүрэх талаар бид
Яахан найдаж чадах билээ?

24245

Хамгийн өчүүхэн найдвар ч
Зорилгот минь хүрэх замыг
Надад үзүүлж чадна.

24246

Итгэлээс өөр илүү үр дүнтэй,
Үзэсгэлэнтэй зүйл бий гэж үү?
Байхгүй, ердөө байхгүй!

24247

Дуулгавартай байх мөч бүр
Туйлын Зорилго руу маань
Урагш хөтлөх нэгэн алхам.

24248

Бүр дотоод амьдралын ялалтаас илүү
Илэрхий үр дүнтэй олон ялагдал
Гадаад амьдралд минь бий.

24249

Аз жаргал бол
Бидний тэмүүлдэг
Бүх зүйлийн зүрх нь юм.
Бурханы бурханлаг хүүхэд бол
Бидний болох гэж тэмүүлдэг
Бүх зүйл маань юм.

24250

Амьдралын туйлын чухал тэмцэлд ялахад
Бидэнд зөвхөн тэсвэр бас тэвчээр хэрэгтэй.

24251

Атаархал бүрэн хор хөнөөлтэй.
Бид түүнийг ухааруулж амжихаас өмнө
Тэр өөрийгөө хүртэл хөнөөдөг.

24252

Өнөөдөр би эцсийн эцэст
Бурханыг ухаарахуй,
Бурханд бэлэн байдал,
Бурханыг хүсэн эрмэлзэхүйн
Урсгалыг хаах хаалтыг нээлээ.

24253

Бүх хүмүүс
Бурханыг тунхаглах урам зоригоо хуваалцвал
Хорвоо дэлхий амжилтанд хүрэх нь гарцаагүй.

24254

Сэтгэл зүрхний амьдрал чухамдаа урт аялал.
Амжилтанд хүрэхийг хүсвэл
Аяллаасаа бид баяр баясалгаланг авах ёстой.

24255

Бүх зүйл өөрчлөгддөг боловч
Юу ч өөрчлөгдөхгүй юм.
Энэ бол өдөр тутам бид
Гадаад амьдралдаа анзаардаг зүйл.

24256

Өөртөө эргэлзэх шиг
Хөнөөлт өвчин байхгүй.
Үүнтэй ижил,
Бурханыг хүлээн авах шиг
Үр дүнтэй эм байхгүй.

24257

Үгүйсгэл гэж юу вэ?
Санаатай болон зориуд
Ухааны эрч хүчийг маань
Шавхах зүйлийг хэлнэ.

24258

Өчүүхэн өстөн дайсан гэж үгүй!
Эзэн Дээдгэгээний Энэрэлийн
Сайн хамгаалал байхгүй бол
Ямар ч дайсан биднийг сүйрүүлж чадна.

24259

Дайсагналыг
Сулруулахын тулд
Мөч бүр
Бурханлагийн Өлмийд
Бид үлдэх ёстой.

24260

Бурханы Нигүүсэл
Өдөр бүр биднийг цуглуулж,
Хамгийн дээд оргилийг
Үзүүлэх гэж өргөж бас өгдөг.

24261

Талархал бидний
Дотоод амьдралыг анхилгатай болгодог.
Итгэл зориг бидний
Гадаад амьдралыг анхилгатай болгодог.

24262

Өдөр бүр Бурхан
Морилон ирж, Мутараараа
Сармагчин ухааныг минь номхруулахыг
Түүнд би гуйн залбирдаг.

24263

Хамгийн хуучны, ариун нандин,
Адислагдсан шүтээн бол
Бурханы Хүсэлд огоорох
Бидний хувиршгүй мөрөөдөл.

24264

Бурханд дуулгавартай байвал бид
Бурханы хамгийн урт Ханамжийн Шатаар
Хялбархан өгсөж чадна.

24265

Бурханд дуулгавартай байх аваас бид
Ухааны мунхаглалаас
Хялбархан өөрийгөө хамгаалж чадна.

24266

Бид нойроо умартаж, амьсгаа даран
Бурханд дуулгавартай байх үед
Бурхан биднийг ухааны өрөөнөөс
Зүрхний ордон руу аваачдаг.

24267

Бурхан үргэлж
Итгэж болох андыг хайдаг.
Чи бэлэн үү?
Үгүй бол, хэзээ чи бэлэн болох вэ?

24268

Өглөө бүр би Бурханд
Ганц зүйлийн төлөө залбирдаг:
Зөвхөн зүрхний минь
Шүтээний нулимсыг хамгаалаач.

24269

Мунхаг харанхуйн дайралтанд
Бууж өгсөн хүн
Өөрийгөө нээгч
Хэзээ ч болж чадахгүй.

24270

Зүрхний минь амьсгал дотор
Эргэлзэл, тээнэгэлзэл хоёр
Хоргодохыг хэзээ ч би зөвшөөрөхгүй.

24271

Өөрийгөө өрөвдөх нь
Хачирхалтай нэг чадалтай.
Тэмүүлэлт зүрхний маань мандах нарыг
Тэрээр амархан бүрхэж чадна.

24272

Ай халаг,
Тааламжит шөнийн зүүдүүд минь
Үүр хаяарах алдад хаашаа орчихов?
Хаашаа тэд алга болдог юм бол?

24273

Сэтгэл зүрхний амьдралыг
Толгойн өвчнөөс өөрцгүй хэмээн
Бусад хүмүүс бодож мэднэ.
Харин миний хувьд
Сэтгэл зүрхний амьдрал бол
Зөвхөн зүрх, дотоод сэтгэлийн
Асар их баяр хөөр.

24274

Бясалгалын минь үргэлжлэл нэгдэл
Эзэн Дээдгэгээнийг минь
Миний төсөөлж чадахаас
Хязгааргүй ихээр баярлууллаа.

24275

Өрсөлдөхийн төлөө бус,
Гэгээрлийн төлөө өөрийгөө ялах
Залбирлын тэмцээн надад хэрэгтэй.

24276

Миний ухааруулах сүнс бол дуудлага,
Миний тэмүүлэх зүрх бол хариулт юм.

24277

Бурханы бүх Ертөнцийн Ухамсар бол
Бурханы мөнхөд тунхаглагдах Хүслийн
Өлгий нутаг.

24278

Бурханы Нигүүсэлийн Мэлмийд
Хүрэх боломжтой хэдий ч
Бурханы Өршөөлийн Өлмий
Дур булаам.

24279

Эзэн Дээдгэгээний маань
Тэвчээрээс бусад бүх зүйл
Чөлөөнд гарч магадгүй эсвэл
Чөлөөнд гарах болно.

24280

Ухааны минь эргэлзэлт зам,
Бурханы адислалт Зам хоёрын хооронд
Одод хоорондын урт зай
Үргэлж хэвээр үлдэх болно.

24281

Тэмүүлэлт зүрхний минь эрмэлзэл,
Эрэн хайгч ухааны минь урам зориг хоёр
Бурханыг зорих аялалд маань
Мөнхөд анхдагч болон үлдэнэ.

24282

Ухааныхаа дотор
Үгүйсгэл мөхөх цагийг
Би байж ядан хүлээнэ.

24283

Нөхцөл болзолгүй, чин сэтгэл, зүрхнээсээ,
Хүн төрөлхтөн нэгэн дуугаар
“Бүх зүйл Бурхан төлөө байх ёстой.
Бурханы төлөө Бурхан болцгооё.
” хэмээн хэлж чадсан цагт
Бурханы хамгийн дээд амжилт нь ирэх болно.

24284

Би үхэшгүй мөнх гурван найзтай:
Амьдралын минь эгэл байдал,
Зүрхний минь гуа үзэсгэлэн,
Сүнсний минь бурханлаг.

24285

Гадаад амьдралдаа
Амжилтанд хүрэхийг,
Дотоод амьдралаа
Цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл
Сүнснийхээ бурханлагтай
Үргэлж холбоотой бай.

24286

Эргэлзэгч ухаан зөвхөн
Төгсгөлгүй гомдолд итгэдэг.
Тэмүүлэлт зүрх зөвхөн
Хорвоог урамшуулах сайшаалд итгэдэг.

24287

Дотоод ертөнцөд
Улам бүр ихсэх талархлыг,
Гадаад ертөнцөд
Улам бүр нэмэгдэх огоорлыг
Дуудах хүмүүн бол
Бурханы гэгээрлийн сургуульд
Нэгдүгээр зэргийн сурагч юм.

24288

Бурханы хувиршгүй
Нигүүсэлийн Нулимс биш бол
Өөр юу намайг болон ухааныг маань
Өөрчлөн хувиргах билээ.

24289

Бэрхшээл бодлоос эхэлдэг тул
Ухаандаа амьдрах аваас
Бэрхшээл үргэлж оршсоор байна.

24290

Талархалгүй ширэнгэн ухааныг минь
Бурхан бараг танихаа больжээ.

24291

Юу хийж байгаагаа
Бид ухаардаггүй нь харамсалтай.
Илүү их тэмүүллийг дуудахын оронд
Илүү ихийг бид шунан уйлна.

24292

Бүрэн огооролт амьдралыг бид
Хүлээж авбал
Бурхан биднийг
Бурханлаг хайрынхаа төгс элч болгоно.

24293

Үдэш бүр
Эзэн Дээдгэгээн минь
Миний зүрхний нулимсанд найддаг.
Харин би
Түүний Мэлмийн Мишээлээс хамаардаг.

24294

Зүрхний цэцгийг
Чин сэтгэлээсээ дуудсан хүмүүн
Бурханы Зүрхнээс нь
Цэцгэн мандлыг хүртдэг.

24295

Бурхан хаа сайгүй байх боловч
Тэмүүлэлт дуудлагынхаа нулимстай
Бидний зүрх Түүнтэй хамт байхгүй үед
Тэрээр ганцаардлыг мэдэрдэг.

24296

Урам хугарлаас ангижирсан амьдрал
Бидний сэтгэл зүрхний аяллыг
Төсөөлснөөс минь илүү хурдасгадаг.

24297

Хорвоод хүлээтэй хүслийг маань
Бурхан биелүүлэх тоолонд
Ханамжгүйн гянданд бид
Өөрийн эрхгүй ордог.

24298

Эргэлзлийн тас шувуунд
Нисэн одох бололцоог олгож
Өнөөдөр би ухааныхаа торыг
Үлэмж томоор дэлгэлээ.
Ингэснээрээ Онгодын баяр хөөрийн
Далайд би сэлж байна.

24299

Аз жаргал дэлхий дээр байдаг бол
Өршөөл гэх
Ганц бурханлаг чанар дотор олдох болно.

24300

Бурханы хувиршгүй Ханамжийн Мишээл гэх
Зөвхөн ганц зүйлд ухаан минь
Нойроо умартан бишрэлтэй байх болтугай.

Энэхүү номын цувралыг дараах cite-key ашиглан иш татах боломжтой ap-243
Creative Commons License
Энэ бүтээл нь дараах тусгай зөвшөөрөлтэй Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License.